Монгол хэлний түвшин тогтоох шалгалт (ToPMON – Test of Proficiency in Mongolian)-д зориулсан дээд шатны сорилын ном хэвлэгдэн гарлаа. МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн эрдэмтэн багш нар 2021 онд анхан, 2022 онд дунд шатны сорилын номыг хэвлүүлэн гаргасан билээ.

Энэхүү бүтээлийг МУБИС нь БСШУС-ын сайдын 2019 оны А/52 тоот тушаалд заасан чиг үүргийн дагуу 2019 оноос агуулга, арга зүйг боловсруулан хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадын иргэдийн монгол хэл, бичгийн мэдлэг чадвар, шалгалтын агуулгыг анхан (I, II), дунд (III, IY), дээд (Y, YI) шатлалаар тогтоох аргачлал боловсруулан, шатлал түвшин бүрд тохирсон сорилын сан бүрдүүлж, үгийн сан, хэл зүй, унших, бичих, сонсох чадварын хэсэг тус бүрээр 10 хувилбар бүхий 1200 сорил бүхий (CD-ны хамт) анхан, дунд, дээд шатны “Монгол хэлний түвшин тогтоох сорил” номыг хэвлүүллээ.

МУБИС-иас Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх зорилготой гадаад иргэд болон монгол хэл, соёлоо сурч судлахыг хүсэж буй, хилийн чанадад оршин суудаг монгол иргэдийн монгол хэлний мэдлэгийн түвшин тогтоох, монгол хэлний түвшин тогтоох шалгатад бэлтгэх гарын авлага болгох, цаашлаад олон улсад монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг боловсруулсан бөгөөд ингэхдээ хэлний мэдлэг чадварын түвшин тогтоодог олон улс (Солонгос, Хятад, Америк, Япон зэрэг)-ын жишиг, туршлага, зарчим, аргачлал, түүний шинжлэх ухааны үндэслэл, туршлагыг судлан үзсэн болно.